Бороотой өдрийн бодол дусал дуслаар хаашаа ч юм урсах

Bolortungalagg
3 min readJul 23, 2023

Энэхэн бие минь амрав уу гэсэг шиг эрээн бодлууд энд тэндээс намайг эзлэн тойрон хаашаа ч явуулахгүй гэж хүлсэн мэт. Тэрийг мэдрэх нь хүсэх зүйл огт биш хэсэг төдий бодоход л шууд уйлмаар, бүр чангаар орилмоор аан бас хоосон өрөөнд ганцаараа байхыг л юу юунаас илүүд үзэхэээр тийм хачин. Хэдий хэсэг зуур холдох авч төд удалгүй дахин хаанаас ч юм намайг бүтэн эзлэнэ. Энэ үед хэсэг хань болдог зүйл буюу миний өөрийгөө хамгаалах зэвсэг төдий зүйл бий. Тэр нь эхлээд миний тэмдэглэлийн дэвтэр, хажууд нь мэдээж үзэг харин дараа нь дуу түүнийг надад авч ирэх чихэвч.Тэр ямар нэг байдлаар идэж буй хоолонд минь эргээд харахад инээд хөгжилдөөнд маань элдэвийн бүр дэлгэрүүлэх юм бол нойронд минь хүртэл заналхийлж буй мэт санагдаж эхлэв. Сонин шүү бага байхад эдгээр зүйлс нэг их тийм ч чухал юм шиг санагддаггүй байсан бол одоо харин юу юунаас илүү том орон зайг эзэлдэг болсон байх юм. Шөнө унтахгүйгээр яг чанартай нойроо авах тэр цаг элдэвийн бодлууд орж ирэн, тайтгарах тайвшрах боломжгүй болтол очихыг хүсээгүй газартаа урилгагүйгээр зорчих Алис аятай хэрэн хэсүүчлэнэ. Гэхдээ түгшүүр бас таагүй байдлыг хэзээ дуусах бол хэсэгхэн ч гэсэн нойроо авч, хагас үхдэл тайван байх орон зайгаа үгүйлэх авч болоогүй угаасаа болоогүй огт болоогүй гэж байгаа мэт хачин дуу хоолойгоор ямар нэг зүйл надтай ярилцаж, мухрын бодол мөнхийн айдас мэт нөгөө л нэг хувилбар. Гуйгаад үзлээ би бага зэрэг ч болтугай унтаад маргааш уулзаж, гэхдээ зөвхөн чамайг хүсвэл гэх авч ямар ч хариугүйгээр цааш үргэлжлэн, эцэс төгсгөлгүй мэт хүлээсээ улам чангалсаар.

Өнгөрсөн шөнийн тухайд гэвэл бүтэн гурав магадгүй дөрвөн цагийн дараа ашгүй нэг нойрыг олсон гэлтэй. Уг нь тун боломжийн зөөлөн хэмнэлтэй кино үзэж, нүүрээ сайхан гэгч нь тосолчихоод нам гүм дуу сонсоод унтах болно гэж бодсон боловч дахиад л хүрээд ирлээ.

Үүнийг би яг тэр энэ эсвэл тийм ийм гэж бүрэн тодорхойлж мэдэхгүй л байна. Хоёр гаруй цагийн дараа би өөрөө өөртэйгөө уйлан ярилцлаа. Гэхдээ хамгийн онцгүй нь тэр миний сул тал бүрийг онцлон ил гаргахаар, тархины минь хамгийн таагүй нээхийг байтугай нэг үгийг ч дурдахыг үл хүсэх тэр бараан дурсамжуудыг зүүний сүвэгчээр гогцоодон гаргаж, нулимс бүрийг минь амтлан хүртэж байх шиг. Ойрын хугацаанд хэзээ яг ийм байдалд орж байсан талаараа бодоход аз болж давтамж цөөхөн байвч энэ бүр гүнзгий битгий болоосой л гэж найдахаас өөр сонголт надаад байгаа болов уу.

Энэ үед бодогдоно. Хэнээс ч надад юу ч хэрэггүй. Хүлээх бас хүсэх зүйл огт байхгүй. Харин төд удалгүй юу болдог гээч машид ихээр хэн нэгнийг хүсэмжилсэн, магадгүй бодлын аясаар бачимдан дутагдаж буй адгуусан төрөлдөө шилжсэн аятай санагдана. Тэгээд эргэн тойрны гэх хүмүүстэйгээ гэр бүлийн гишүүдийг эс тооцон холбогдохоор оролдоно. Эргээд хэтэрхий эмзэг, хувирсан үедээ энэ бол байж боломгүй, ухаангүй шийдвэр байдаг нь улам бүр батлагдсаар.

Хэтэрхий жаргалтай, санаа зовох зүйлгүй орь амгалан байгаагийн маань төлөөс, шалгуур болж, энэ бүхэн надад тохиолдож байгаа ч юм боловуу гэж бодогдоно. Аль эсвэл биологийн ямар нэг дутагдлын шалтгаанаар энэ бүхэн үүссэн юм болов уу ч гэж өөрөө өөртөө байцаалт өгөх өчүүхэн би. Өмнө нь энэ талаараа бичих нь хэт эмзэг, арчаагүй бас гоншгонолын үгс мэт санагддаг байсан бол энэ удаа харин хэрхэвч би дотроо хадгалж чадахгүй нь хээв нэг үйл явдал мэт цааш нь хуваалцаж, хэвлүүхэн нэг найзтайгаа хүүрнэж буй аятай гадагшлуулах нь зүйтэй юм болов уу гэсээр бороотой өдрийн саарал цаг агаарыг үл ажин, зорин зорин UBCC-д борголоор бор ходоодоо болгож, бараантсан бодолдоо солонго биш юмаа гэхэд бүрхэн тэнгэргүй, саарал үүлсийг авч ирэхээр ийн би бадарчлан сууж байна. эргээд хугацааг дурсахыг ч хүсэхгүй энэ нь ч угаасаа боломжгүй зүйл гэдгийг хэн хэн нь мэдэх нь зүйтэй.

Энэ толгой минь буруу санаагүй бол Eat pray love гэх номон дээр ийм байдалд орсон бүсгүйн талаар, эргээд энэ байдлаасаа хэрхэн өөрийгөө анагааж, гаргаж байгаааг бясалгалаар дамжуулан үйлдсэн үйлээр нь тайлбарладаг. Надад хэрэгтэй зүйл минь тэр юм болов уу, яг хайгаад байгаа бас ойлгогдох гагцхүү түлхүүр нь угтаа тэр л юм болов уу хэрхэвч би хэлж мэдэхгүйн. Хэсэг хугацааны энэ сатаарал, айдсын ангуучлал маань алхам зуур надаас холдохгүй гэдгийг нь мэдэх авч арай өөр байдлаар, илүү ухаалгаар найз болохыг л хүссэн тэнэгхэн би тэгээд гурван минутын дараа бодол минь хаашаа борооны дусал аятай шаагихыг бас мэдэхгүй.

--

--